GoNEWS.mn GoNEWS.mn

Л.Мөнхтүшиг: Урт хугацаанд монгол иргэдийг визээс чөлөөлөхийг хүссэн

2016 оны 12 сарын 14
Л.Мөнхтүшиг: Урт хугацаанд монгол иргэдийг визээс чөлөөлөхийг хүссэн

ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, “Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол иргэдэд олгож буй визийн ярилцлагын цаг авахад 2 хүртэл сар хүлээгдэж буйг анхааралдаа авч, консулын ажилтны орон тоогоо нэмэгдүүлэх хүсэлтийг америкийн талд тавьсан” хэмээн мэдэгдлээ.

Энэ сарын нэгэнд Вашингтон хотноо болсон Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI зөвлөлдөх уулзалтын үеэр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг тавьсан бөгөөд Америкийн тал Монгол Улсыг 2018 оноос эхлэн дээрх хөтөлбөрт хамруулах боломжийг судлахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн манай улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хөтөлбөрт хамрагдах шалгуур нөхцөлийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах чиглэлээр ажиллахаар тохиролцжээ. Мөн үеэр ЭСЯ-ны орон тоог нэмэх асуудлыг хөндсөн гэдгийг дэд захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

Тэрбээр цааш ярихдаа, “ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцөлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгож байх хүсэлт бүхий ноот бичгийг өнгөрсөн 7 хоногт гардуулсан.

Хоёр талын иргэд солилцоонд тулгуурласан худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНСУ-д оршин суугаа болон зорчиж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэй байдаг тул өнгөрсөн 2 жилд тасалдаад байсан энэхүү уулзалтыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар зарчмын хувьд харилцан тохиролцоод байна.

Мөн хоёр талын иргэд солилцоонд тулгуурласан худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНСУ-д оршин суугаа болон зорчиж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хоёр талын консулын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэй байдаг тул өнгөрсөн 2 жилд тасалдаад байсан энэхүү уулзалтыг 2017 оны эхний хагаст зохион байгуулахаар зарчмын хувьд харилцан тохиролцсон” хэмээн мэдээлэв.

“Монцамэ”агентлаг 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл