GoNEWS.mn GoNEWS.mn

Олон улсын ажиглагчид тайлангаа танилцууллаа

2016 оны 12 сарын 14
Олон улсын ажиглагчид тайлангаа танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд болсон гэдгийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдын олон улсын багийн ахлагч, Элчин сайд хатагтай Одри Гловер Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр тэрээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан тус олон улсын байгууллагын Сонгууль ажиглах Хорооны тайлан зөвлөмжийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагад танилцууллаа.

Тайлан зөвлөмжид сонгууль зохион байгуулах үеийн улс төрийн орчин ямар байсан, хууль эрх зүйн хүрээ болон сонгуулийн тогтолцоо ямар байсан, сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалтыг хэрхэн хийсэн түүнчлэн сонгогчийн болон нэр дэвшигчдийн бүртгэл, сонгуулийн сурталчилгааны орчин, зардал, өргөдөл, гомдлыг хэрхэн барагдуулж байсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хэрхэн хангаж байсан зэрэг асуудалд ажиглалт хийж тодорхой зөвлөмж гаргасан байна.Тухайлбал, сонгуулийн тогтолцоонд суурь өөрчлөлтүүдийг оройтуулж хийсэн нь энэ удаагийн сонгуулийн явцад тохиолдсон олон хүндрэлтэй асуудлын шалтгаан болсныг тайландаа дурьджээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас Монгол Улсын сонгуулийн байгууллагад сонгууль зохион байгуулах олон улсын арга туршлагаас хуваалцах, сонгуулийн системийг улам боловсронгуй болгох, сонгуулийн хууль тогтоомжид үнэлгээ хийх зэрэгт бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ олон улсын багийн ахлагч, Элчин сайд Одри Гловер илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгууль зохион байгуулах талаар хуримтлуулсан арга туршлагынхаа мэдээллийг Австрийн Вена хотод суугаа Европын Холбооны улсыг хариуцсан Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгчөөрөө дамжуулан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бусад гишүүн орнуудад танилцуулахыг хүсэв.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн зохион байгуулалтыг өндөр үнэлж, үнэтэй зөвлөмж өгсөн явдалд талархаж байгаагаа илэрхйилээд сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хуралд өгсөн саналынхаа талаар тухайлбал, сонгуулийн тогтолцоог хангалттай хугацааны өмнө тогтоож өгөх, нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарласан заалтуудыг цөөлөх, сонгуультай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох зэрэг талаарх саналаа танилцууллаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчдын багийгирэх онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл