GoNEWS.mn GoNEWS.mn

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэлэлцэж байна

2016 оны 12 сарын 15
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хүчирхийлэлд өртөгсдөд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аюулгүй байдлын, хүүхэд хамгааллын, нийгмийн хамгааллын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр заажээ.

Одоогийн нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэдтэй холбоотой гомдлын 90 орчим хувь нь мөрдөн байцаалтын шатанд эвлэрсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болдог аж. Гэтэл дараа нь дахиад хүчирхийлэл үйлдэгддэг. Иймээс мөрдөн байцаалтын шатанд энэ төрлийн хэрэгтэй холбоотой гомдол эвлэрсэн гэдэг шалтгаанаар хүчингүй болохгүй, хохирол барагдаж, дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэдэг нь батлагдсан нөхцөлд шүүхээр хэлэлцэж, шийдэх болжээ.

Хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийг эхний удаа үйлдсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэх, удаа дараа үйлдсэн нөхцөлд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, Эрүүгийн хуулиар шийтгүүлэхээр тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

А.Сүхбат: Хуулийг яаж батлаад байгаа юм бэ. Хэн нэгэн нөхөр гаднаас санхүүжилт авчихдаг. Тэгээд сошиал ертөнцөөр энийг явуулахгүй бол болохгүй гэдэг мессежийг өгч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ хэвээр нь батлахгүй бол... гэдэг заналхийлэл надад ирсэн. Бүх гишүүнд ирж байна. Надад энэ хуулийг хэвээр нь батлахгүй бол 2020 оны сонголтоороо таныг гаргахггүй гэдэг дарамт ирсэн. Ял авах эхнэр, нөхрийн тоо нэмэгдэх нь. Гэр бүлийн хүчирхийлэл яагаад гараад байна вэ гэдэг оношийг нь олох нь чухал. Энэ бол ажилгүйдэл архидалт ядуурлаас үүдэлтэй.

Д.Тэрбишдагва: Сүүлийн үед хууль санаачлагчид хууль засдаг боллоо. Дутуу дулимаг зүйл оруулж ирдэг болсон байна. Өнөөдөр гэхэд энэ хуулинд 106 санал асуулга байна. Энэ хууль чинь эхэлж оруулж ирсэн агуулгаасаа танигдахааргүй болж байгаа юм биш биз.

 

www.gonews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл