GoNEWS.mn GoNEWS.mn

Ажлын өдрийг шилжүүллээ

2016 оны 12 сарын 15
Ажлын өдрийг шилжүүллээ

Томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.

Товч мэдээ

– Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн зориулалтыг дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн салбарын төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр өөрчлөх талаар БНЭУ-ын талтай тохиролцон Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгалаа.

– УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэн үндэслэлээ хууль санаачлагчид уламжлахаар боллоо.

– Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

– Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшаав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хэрэгжиж байгаа зээл, тусламжийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахыг сайд нарт үүрэг болгов. Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, зохицуулах, Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгав.

– Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

 

www.gonews.mn 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл