GoNEWS.mn GoNEWS.mn

"Ц.Амгаланбаатар 16 настай Улаанбаатар орж үзээгүй хүүхэд байсан"

2016 оны 12 сарын 15

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг шүүх хурал өчигдөр эхэлсэн ч өмгөөлөлөгчдийн хүсэлтэрээр 7 хоног хойшилсон юм.

Шүүх хуралд оролцохоор шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн ирсэн боловч тэднийг хорих анги руу оруулаагүй.

Орхон аймагт таксины жолоочийг хөнөөсөн хэргээр шүүхээс 25 жилийн хорих ял сонсч, чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байгаа Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг энэ хэрэгт яллагдагчаар татсан тухай хэвлэлийнхэн мэдээлээд байгаа. Тэгвэл  шүүгдэгч Ц.Амгаланбаатарын эгч хэвлэлийнхэнд яриа өгснийг хүргэж байна. 

Тэрээр "Би өнөө өглөө Орхон аймгаас вагоноор ирсэн. Одоогоор ямар ч хүнтэй уулзаагүй байна. Миний төрсөн дүү, Содномдаржаагийн ээж, дүү, ах нар нь ирсэн ч ямар ч хүнийг оролцуулсангүй. Миний ээж Амгаланбаатарыг өргөж авсан. Намайг ч бас өргөж авсан. Бид хоёр нэг айлын хүүхэд. Амгаланбаатар 1998 онд 16 настай Улаанбаатар ч орж үзээгүй хүүхэд байсан. Харин 2007 онд Орхон аймагт хүн амины том хэрэг үйлдэж 25 жилийн ял авч Чойр дахь чанга дэглэмтэй хориход л ял эдлэж байсан. Тэгээд 2015 оны 8 сарын 31-нд энэ хэргийг хийсэн гээд миний төрсөн дүүгийн эхнэр Чимгээ, манай хөрш айлын хүүхэд Содномдаржаа нарыг тагнуулынхан ирээд баривчилсан. Тэрнээс хойш нэг жил 4 сар болж байна. Энэ хугацаанд энэ хүмүүсийн ар гэр, үр хүүхэд маш хэцүү байдалд байна.  Өөрсдөө ч жил 4 сар шоронд байна гэдэг ямар хэцүү байгаа бол. Энэ бол үнэхээр хилс хэрэг. Энэ хүмүүс энэ хэргийг хэзээ ч хийгээгүй. Одоо Монголын шүүх, Монголын төрд л итгэж байна. Монголын шүүх үнэнийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Манай дүү Амгаланбаатар энэ хүмүүсийг гүтгэсэн. Ямар нэг гүтгэх хувийн өш хонзон байгаа эсэхийг мэдэхгүй. 1998 онд Амгаланбаатар 16 настай Улаанбаатар хот орж үзээгүй хүүхэд байсан. Би сайн мэдэж байна. 2000 онд цэрэгт явахдаа Улаанбаатар орж үзээгүй хүүхэд байсан юм" хэмээн ярьжээ. 

 

Г.Тайчир 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл