Нүүр › Улс Төр › 810 САЯ ТӨГРӨГӨӨР ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ УУ,...

810 САЯ ТӨГРӨГӨӨР ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ УУ, БААВГАЙГ ДАЛИМДУУЛСАН БИЗНЕС БОЛГОХ УУ?

G
Админ
810 САЯ ТӨГРӨГӨӨР ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ УУ, БААВГАЙГ ДАЛИМДУУЛСАН БИЗНЕС БОЛГОХ УУ?

Зунжин баавгайны аюул хажууд ирснийг ам уралдан ярьсаар эцэст нь хүний амь нас хохирсны дараа төр сэрж, баавгайтай тэмцэхээр 810 сая төгрөгийн худалдан авалт зарлажээ. Харин энэ мөнгө бодит аюулыг бууруулах уу, эсвэл төсвийн мөнгөөр тоног төхөөрөмж цуглуулах төдий ажил болох уу? гэдэг хардлага төрж байна. 

Баавгай суурьшлын бүсэд орж ирэн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж, нэг хүний амь нас хохирч, өөр нэг иргэн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ бол зүгээр нэг байгаль, зэрлэг амьтны асуудал биш. Иргэдээ хамгаалах төрийн бодлого, шийдвэрийг шалгаж буй сорилт болоод байна. 

Ямартай ч нэг хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, эх орны өнцөг булан бүрт иргэд рүү дайрч, аюул болоод байгаа байвгайнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нийт 810 сая төгрөгөөр хамгаална хэмээн худалдан авалт хийхээр төлөвлөж, нээлттэй тендэр зарлажээ. 

Үүнд 450.45 сая төгрөгөөр 12 ширхэг хийн буу, 164.55 сая төгрөгөөр 1,935 ширхэг баавгай үргээгч шүршигч, 150 сая төгрөгөөр баавгай барих тор, 45 сая төгрөгөөр мэдээгүйжүүлэх эм бэлдмэл худалдан авах дүн багтжээ. 

Эндээс иргэдийн амь насыг хамгаалах гэж байна уу, эсвэл иргэдийн айдас, нийгмийн эмзэг нөхцөл байдлыг далимдуулан төсвийн мөнгийг "угаах" боломж бүрдүүлж байна уу гэх асуулт гарч ирнэ. 

ЭРГЭЛЗЭЭ 1: 12 хийн буу авахад 450 сая төгрөг хүрэх үү?

Нийт худалдан авалтын хамгийн өндөр дүнтэй хэсэг нь 12 ширхэг хийн буу болон тэдгээрийн холбогдох хэрэгсэлд зориулагдсан 450.45 сая төгрөг. 

Энгийн тооцоогоор нэг иж бүрдэлд 37.5 сая төгрөг ногдож байна.

Мэдээж хийн бууны үнэ зөвхөн үндсэн төхөөрөмжөөс хамаарахгүй. Дагалдах хэрэгсэл, зориулалт, чанар, баталгаа, сургалт, засвар үйлчилгээ зэрэг зардал байж болно. Гэхдээ энэ бүхнийг ил тод тайлбарлах ёстой.

Яг ямар үйлдвэрийн, ямар загварын буу вэ. Нэг иж бүрдэлд ямар тоноглол багтсан бэ. Үнийн санал хэдэн нийлүүлэгчээс авсан эсэх. Зах зээлийн ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ нь хэр үндэслэлтэй вэ?

Төсвийн мөнгөөр худалдан авалт хийхэд зөвхөн “иргэдээ хамгаална” гэдэг тайлбар хангалтгүй. Үнэ бүрийн цаана тооцоо, үндэслэл, хариуцлага байх ёстой.

ЭРГЭЛЗЭЭ 2: 1.935 шүршигч, 60 торыг хэн, хэзээ, хаана хэрэглэх вэ?

Ажлын даалгаварт 1,935 ширхэг баавгай үргээгч шүршигч, 60 ширхэг баавгай барих, зөөвөрлөх тор худалдан авахаар тусгасан байна.

Энэ бол бага хэмжээний худалдан авалт биш. Тэгвэл эдгээр хэрэгслийг эрсдэлтэй бүсүүдэд хэрхэн хуваарилах вэ. Хэдэн аймаг, суманд эсвэл иргэнд хүргэх вэ. Хариуцан ашиглах хүмүүс нь хэн байх вэ. Хэрэглэх заавар, сургалт, хадгалалт, бүртгэл, хяналтыг хэн хариуцах вэ гэх зэрэг асуултууд ар араасаа урган гарна. 

Шүршигчийг зүгээр тарааж өгөх нь иргэдийг хамгаалсантай адил биш. Харин ч буруу хэрэглэвэл эрсдэл үүсгэж болзошгүй. Тор худалдан авах нь ч мөн адил. Түүнийг хэн, ямар нөхцөлд, ямар мэргэжлийн бэлтгэлтэйгээр ашиглах вэ гэдэг нь тоног төхөөрөмжөөсөө дутахгүй чухал.

Төрийн ажил бол хэрэгсэл худалдаж аваад тайлан дээр тоо бичих биш. Аюулыг бодитоор бууруулж, иргэдийн амь насыг хамгаалах явдал шүү гэдгийг тус Ц.Сандаг-Очир сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр нарт онцгойлон сануулахад буруудахгүй биз ээ. 

ЭРГЭЛЗЭЭ 3: Баавгайнаас хамгаалах тендер зарлахаас өөрөөр эрсдлийн үнэлгээ, дүгнэлт гаргаж, хамгаалах чиглэлийг тодорхой болгосон уу?

Мэдээгүйжүүлэх эм бэлдмэлийн ажлын даалгаварт 100 хүрэн баавгайд хүрэлцэх хэмжээний эм худалдан авах тооцоо тусгажээ. Мөн баавгайг барих, зөөвөрлөх, судлах зориулалттай тоног төхөөрөмжийн шаардлагыг боловсруулсан байна.

Гэхдээ энэ тооцоог ямар судалгаа, бодит хэрэгцээнд үндэслэн гаргасан бэ. Суурьшлын бүсэд баавгай нэвтрэх эрсдэл хамгийн өндөртэй газруудыг тогтоосон уу. Хэдэн удаагийн дуудлага ирдэг, хэдэн мэргэжлийн баг шаардлагатай, ямар нөхцөлд баавгайг барих, шилжүүлэх боломжтойг тооцсон уу?

Баавгай бол хамгаалалт шаардлагатай зэрлэг амьтан. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, зэрлэг амьтныг зохистой хамгаалах хоёр зорилго хоорондоо зөрчилдөх албагүй. Харин үүнийг мэргэжлийн төлөвлөгөө, судалгаа, урьдчилан сэргийлэх бодлогоор уялдуулах шаардлагатай.

Хэрэв төр зөвхөн аюул үүссэний дараа багаж хэрэгсэл худалдан авч, асуудал бүрийн араас мөнгө зарцуулдаг бол урьдчилан сэргийлэх бодлого хаана байна вэ?

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.