АНУ 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд зуны цагийн хуваарийг дуусгаж, цагаа нэг цагаар ухраалаа. Тус улс жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь ням гарагт цагаа нэг цагаар урагшлуулж, арваннэгдүгээр сарын эхний ням гарагт буцаан ухраадаг уламжлалтай.
Цагийг урагшлуулах, хойшлуулах буюу зуны цагийн хуваарь хэрэглэх практик нь Германаас гаралтай. Дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1916 оны дөрөвдүгээр сарын 30-нд Герман улс нүүрс, түлш, эрчим хүч хэмнэх зорилгоор зуны цагийн хуваарийг анх нэвтрүүлжээ. Улмаар бусад улс орнууд энэ жишгийг дагаж эхэлсэн байна.
АНУ 1918 онд дэлхийн нэгдүгээр дайны үед түлш, эрчим хүч хэмнэх зорилгоор зуны цагийн хуваарийг анх нэвтрүүлсэн ч тариаланчдын эсэргүүцэлтэй тулгарч, удалгүй цуцалжээ.
Харин Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1942-1945 онд Ерөнхийлөгч Франклин Рузвельт зуны цагийг бүтэн жилийн турш мөрдүүлэх шийдвэр гаргаж, үүнийг “Дайны цаг” хэмээн нэрлэж байв.
Дайны дараа АНУ-д цагийн шилжилтийн нэгдсэн зохицуулалтгүй байснаас хот, мужууд өөр өөр хугацаанд зуны цагт шилждэг болжээ. Энэ нь төмөр зам, автобусны тээвэр болон телевизийн нэвтрүүлгийн хуваарьт хүндрэл учруулж байсан тул 1966 онд Конгресс “Нэгдсэн цагийн тухай хууль” (Uniform Time Act)-ийг баталж, цаг шилжүүлэх хугацааг улсын хэмжээнд нэгтгэсэн байна. Гэхдээ мужуудад зуны цагийн хуваарь хэрэглэхээс татгалзах эрхийг үлдээжээ.
Өнөөдөр АНУ-ын цагийн бүс, зуны цагийн хуваарийн зохицуулалтыг Тээврийн яам хариуцдаг. Хавай муж, Аризона мужийн ихэнх нутаг дэвсгэр болон Пуэрто-Рико, Гуам зэрэг харьяа нутаг дэвсгэрүүд зуны цагт шилждэггүй бөгөөд жилийн турш стандарт цагаа мөрддөг.
Зуны болон өвлийн цагийн тохируулгыг АНУ, Канад, Европын олон улс зэрэг дэлхийн хэд хэдэн бүс нутагт хэрэгжүүлдэг. Энэ нь өдрийн гэрлийг илүү үр ашигтай ашиглах, эрчим хүчний хэрэглээг зохицуулах зорилготой цагийн зохицуулалт юм.
Манай улсын хувьд 1983, 1985 онд улирлын цагийн шилжилттэй холбоотой шийдвэрүүд гаргаж байсан бөгөөд 2001 оны Засгийн газрын 93 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт цагийг нэг цагаар урагшлуулж, есдүгээр сарын сүүлийн долоо хоногт буцаан шилжүүлэх зохицуулалтыг баталж байсан түүхтэй.
Улмаар 2015 оны Засгийн газрын 82 дугаар тогтоолоор уг зохицуулалтыг дахин сэргээж, 2016 онд цагийг нэг цагаар урагшлуулан хэрэгжүүлжээ. Харин 2017 онд Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2015 оны 82 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор Монгол Улс улирлын цагийн шилжилтийг зогсоосон юм. Тухайн үед цагийн шилжилт нь хүний эрүүл мэнд, амьдралын хэв маягт нөлөөлөхөөс гадна олон улсын нислэг, төмөр замын цагийн хуваарьт хүндрэл учруулж болзошгүй гэж үзсэн байна.