Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Хуралдаанаар уг асуудлаар хяналт шалгалт явуулах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дэмжжээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) гишүүн Д.Энхболдын танилцуулснаар, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотойгоор тус комисст 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн байна. Эдгээр нь нийт гомдол, мэдээллийн 27.6 хувийг эзэлж байгааг мэдээлжээ.
Иргэдээс цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцоогүй гэх гомдол түгээмэл ирдэг байна. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа талуудын мэтгэлцэх зарчмыг хангалттай хэрэгжүүлэхгүй байгаа, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлагдсан иргэдийн өмгөөлөгч авах эрх хангалтгүй байгаа асуудлыг ХЭҮК-ын төлөөлөл хөнджээ.
Мөн цагдан хорих, уг арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжид шийдвэр гаргасан үндэслэл, нөхцөл байдлыг тодорхой тусгах шаардлагатайг онцолсон байна.
УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын танилцуулснаар, баривчлах, цагдан хорих болон хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой УИХ-ын таван тогтоолын 12 заалтын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээгээр хэрэгжилт 75 хувьтай гарчээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024, 2025 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш хэрэгжилтийн үнэлгээ хийгдээгүй талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл мэдээлсэн байна.
Үүнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг улирал тутам авч, хагас жил тутам хэлэлцэх шаардлагатай талаар хуралдааны үеэр санал гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлснээр, 2026 оны аравдугаар сарын 28-ны байдлаар 3,350 гаруй хүн цагдан хоригдож байжээ. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэх таван хэрэг хяналтад байгаа талаар мэдээлсэн байна.
Улсын ерөнхий прокурорын газраас 2019–2025 онд сэжигтнийг шүүхийн шийдвэргүй баривчлах тохиолдол цөөрсөн талаар танилцуулсан бол 2026 оны эхний гурван улиралд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 246 гомдол ирснийг мэдээлжээ.
Хуралдааны үеэр хууль зүйн туслалцаа авах боломж, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол барагдуулах ажиллагаа болон баривчлах ажиллагааны практиктай холбоотой асуудлыг мөн хөндсөн байна.
Хуралдааны төгсгөлд баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт боловсруулах, шаардлагатай тохиолдолд УИХ-ын шийдвэрийн төсөл бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг олонхын саналаар дэмжжээ.