Нүүр › Соёл Урлаг › “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” ЮН...

“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүсийн баримтат өвд бүртгэгдлээ

G
Админ
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүсийн баримтат өвд бүртгэгдлээ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” бүтээл ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.

Бүртгэлийн шийдвэрийг 2026 оны арваннэгдүгээр сарын 2–6-ны өдрүүдэд Индонезийн Жакарта хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 11 дүгээр Ерөнхий чуулганы үеэр гаргаж, Монголын төлөөлөгчдөд гэрчилгээг нь гардуулсан байна.

Уг бүтээл нь XVIII зуунд нэр нь үл мэдэгдэх Монгол лам зураачийн урласан, түүх, соёл, шашны хосгүй үнэ цэнтэй дурсгал юм. 28х22 сантиметр хэмжээтэй цаасан дээр шороон будгаар бүтээсэн энэхүү зурагт Бурхан багшийн урьд төрөл, амьдралын үйл хэрэг, сургаал номлолыг дүрслэн харуулжээ.

Түүнчлэн бүтээлд үнэнч шударга байдал, энэрэнгүй сэтгэл, ёс суртахуун зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг уран дүрслэлээр илэрхийлсэн нь түүний түүх, соёлын ач холбогдлыг улам тодотгож байна.

Ийнхүү Монголын соёлын өв ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэнээр үндэсний түүх, урлаг, шашин, соёлын үнэт өвийг олон улсад таниулах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.