УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар Их Эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундаа, тамхины бүтээгдэхүүний шошгод ашиглахыг хориглох саналыг дэмжлээ.
Уг саналыг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон 17 гишүүний 12 нь буюу 70.6 хувь нь дэмжсэн байна.
Саналыг “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гаргажээ.
Тодруулбал, Их Эзэн Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдлэх, түүхэн өв, төрт ёсны уламжлалыг хүндэтгэх агуулгын хүрээнд түүний хөргийг согтууруулах ундаа болон тамхины бүтээгдэхүүний шошгод ашиглахгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна.