Нүүр › Нийгэм › ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 1.057 ИХ НАЯД ТӨГРӨ...

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 1.057 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТӨЛӨВЛӨЖ, САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ЭХ ҮҮСВЭР ЭРЭЛХИЙЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

G
Админ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 1.057 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТӨЛӨВЛӨЖ, САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ЭХ ҮҮСВЭР ЭРЭЛХИЙЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг боломжит бүх хувилбараар нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Тухайлбал, 2026 оны төсвийн тодотголоор эрчим хүчний үнийн өсөлтийг өрхүүдэд үүрүүлэхгүй байх болон станцуудын засвар, шинэчлэлд зориулан 186.2 тэрбум төгрөг батлуулсан. Мөн Засгийн газрын нөөц сангаас 5.45 тэрбум төгрөг гаргаж, дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол, зуухны нэн яаралтай засварыг санхүүжүүлжээ. Засварын ажлууд дуусаж, станцуудын өвлийн бэлтгэл хангагдсан талаар удирдлагууд нь мэдээлсэн байна.

Харин эрчим хүчний салбарын урт хугацааны хөгжил, шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд 2027 оны төсвийн төсөлд нийт 1.057 их наяд төгрөгийн санхүүжилт тусгаж, ТЭЦ-VI болон 10 аймгийн дулааны станцын төслүүдийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Гэвч эдгээр төслийн санхүүжилт зогссон тул өөр эх үүсвэр, санхүүжилтийн боломжит хувилбаруудыг эрэлхийлэх шаардлагатай гэж үзсэн байна. Иймд Ерөнхий сайд Н.Учрал санхүүжилтийн хувилбар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.

Засгийн газар эрчим хүчний үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаад эрчим хүчний салбарын төлөөлөл талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.