Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймагт хэрэгжиж буй “Сайншанд” агаарын навигацийн төвийн төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Энэ үеэр төслийг шуурхай хэрэгжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
“Сайншанд” агаарын навигацийн төвийг нийт 10 га газарт байгуулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд зөвхөн навигацийн үйл ажиллагааны барилга байгууламж барихаас гадна ажилтнуудын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, ажилчдын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, спорт комплекс, ногоон байгууламжийг хамтад нь байгуулах юм.
Тус төвийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ашиглалтад орсноор Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн агаарын навигацийн үйлчилгээтэй холбоотой үүрэг, амлалтаа биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн уг төслийн үр дүнд говийн бүс нутагт 200 орчим байнгын ажлын байр шинээр бий болох тооцоотой байна. Ингэснээр орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ агаарын навигацийн салбарын хүний нөөц, дэд бүтцийн чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Ерөнхий сайд төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын уялдаа холбоог ханган, хугацаа алдалгүй ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.