Төрийн сүлд минь өршөө гэж залбирдаг, дээдэлдэг Монголчууд дээр дооргүй зах замбараагаа алдаад удсаны нэг жишээ өнөөдөр Төрийн ордонд болжээ. Архи дарс, авгай хүүхэн, хулгай зэлгий гээд яригдахгүй яриа, болохгүй үйлдэл гэж алгаа алга энэ төрийн ордныхонд. Одоо бүр УИХ-ын гишүүнийг сайдын туслах ордны коридорт зодож, заналхийлж хоёр талаас хэвлэлд "буруугүй ээ" гээд уйлж, дуулаад ярилцлага өгч байх юм.
Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн биед халдаж, дагжин чичирч, нус, нулимсандаа хутгалдтал айдас хүйдэст автуулсан аж.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн өөрийгөө өмөөрч гаргаж тавьсан бичлэгээс харвал өөрөө л өдөж хоргоогоод, "би бол гишүүн хүн, гишүүн хүнийг" гээд дайраад байх. Ингэснийхээ дараа "амь насанд минь заналхийлж, амьд явах баталгаа алга байна" гээд уйлж унжих нь түүнд "жүжигчин" гэдэг хоч авчирсан наалдацгүй, дэгсдүүлсэн үйлдэл болчихов. Өөрөөр хэлбэл нуухаа авах гээд нүдээ сохолчихлоо доо М.Энхцэцэг гишүүн ээ.
Нөгөө талд Эрчим хүчний сайд Б.Найдалаа туслахуудаа яг ямар шалгуураар сонгож авдаг юм бол. Асуудал тарих чадварыг нь уу, ажил хэрэгч, эмх цэгтэй байдлыг нь уу. Ямартай ч төрийн сайдаар влогны бичлэгээ хийгэлчихээд “би дахиад ч хийлгэнэ” гэж даналзаж чадсан туслахынх нь шуугиан намжаад удаагүй байхад дахин нэг туслах нь М.Энхцэцэг гишүүний халдашгүй байдалд заналхийлж, айлгаж, ичээсэн тухай цахимаар нэг шуугиан дэгдээлээ.
Гэхдээ...
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн бичлэгийг үзээд эгдүү хүрэв.
“Гишүүн хүнтэ, гишүүн хүн...” гэж дахин дахин хэлэхийг нь сонсоход нэг л зүйл асуумаар санагдав. Гишүүн байхаар яадаг юм бэ? Гишүүн боллоо гээд бусдаас илүү эрхтэй, илүү эмзэг, илүү хүндлүүлэх ёстой хүн болчихдог хэрэг үү?
УИХ-ын гишүүн гэдэг ард түмний өмнөөс төрийн хэргийг шийдэх үүрэг хүлээсэн хүн болохоос өөрийн албан тушаалыг урдаа барьж, асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах эрх ямба биш гэдгийг энэ нас, тэр их боловсролын намтар хоёр нь өлхөн ойлгуулмаар. Төрийн түшээ хүн асуудлаа баримтаар ярьдаг. Үндэслэлээ гаргаж тавьдаг. Шүүмжлэлд хариулт өгдөг. Хэрэв шударга бус зүйл болсон бол хууль, дүрмийн дагуу шийдүүлэхийн төлөө тэмцдэг байлтай. Гэтэл гишүүнийхээ статусыг дахин дахин сануулж, уйлж ярилцлага өгөх нь улс төрийн ээлжит драма эсвэл бас ямар хоолоо булаацалдаж эхлээд хов, хороо хутгаад эхлэв гэдэг хардалтыг төрүүлэхээс хэтрэхгүй, явуургүй найруулга байлаа.
Ард түмэн та нарыг уйлж яриулах гэж сонгоогүй. Асуудал шийдүүлж, хариуцлага нэхүүлэх гэж сонгосон гэдэг умартсан бол энд сануулъя.
Төрийн ордон бол кино зураг авалтын талбай биш. Улс төр ч бас жүжиг биш. Тиймээс эрхэм гишүүнд нэг л зүйл хэлье. Кино бага үзэж, бодит амьдралтайгаа илүү ойр байгаарай. Гишүүн хүн гэдэг чинь дүр бүтээх тайз, дэлгэцийн жүжигчин биш шүү.
Эцэст нь хэлэхэд, "гишүүн хүнтэй, гишүүн хүн" гэдэг чинь ямар эрх ямба вэ М.Энхцэцэг гишүүн ээ. Ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаараа л хэмжигдэх ёстой болохоос албан тушаалын нэрээрээ биш!