Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү болон “Мобиком корпораци” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирол, нөхөн сэргээлтийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Элчин сайд Игавахара Масарү түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлж, тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Япон Улс хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв. Мөн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн япон мэргэжилтнүүдийг ажиллуулах, хоёр улсын мэргэжилтнүүдийн туршлага солилцох боломжийг дурджээ.
“Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хохиролд харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүссэн байна. Түүнчлэн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон албан хаагчид, хүн хүчнийхэнд талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.
Сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь нэн ховор ургамал, амьтны өлгий, байгалийн унаган төрхөө хадгалсан өвөрмөц экосистемтэй нутаг болохыг онцлоод, түймрийн хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Тэрбээр байгаль орчныг хамгаалах, учирсан хохирлыг арилгах, цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд олон талын оролцоо чухал бөгөөд энэ чиглэлд Япон Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг үнэ цэнтэй болохыг онцоллоо.