Нүүр › Дэлхий › ИХ БРИТАНИЙН ХОВОР НОЙРМОГЧ ОГОТНЫ ТОО Т...

ИХ БРИТАНИЙН ХОВОР НОЙРМОГЧ ОГОТНЫ ТОО ТОЛГОЙ СЭРГЭХ НАЙДВАР ТӨРҮҮЛЖ БАЙНА

G
Админ
ИХ БРИТАНИЙН ХОВОР НОЙРМОГЧ ОГОТНЫ ТОО ТОЛГОЙ СЭРГЭХ НАЙДВАР ТӨРҮҮЛЖ БАЙНА

Их Британийн Англи, Уэльсийн нутагт амьдардаг ховор нойрмогч оготны тоо толгой олон жилийн турш буурсан үзүүлэлттэй байсан бол сүүлийн жилүүдэд өсөх хандлага ажиглагджээ. Энэ нь тус улсын байгаль хамгаалах салбарын хувьд ховор тохиож буй эерэг мэдээ болж байна.

Байгаль хамгаалагчдын мэдээлснээр, ой мод, байгалийн амьдрах орчин хумигдсаны улмаас нойрмогч оготно хөдөө орон нутгийн олон бүсээс устаж, тоо толгой нь урт хугацаанд эрс буурчээ. Тухайлбал, 2000 оноос хойш тэдний тоо толгой бараг 60 хувиар цөөрсөн нь жилд дунджаар 3.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин 2020-2025 оны хооронд хийсэн судалгаагаар нойрмогч оготны тоо толгой бараг 10 хувиар өссөн байж болзошгүйг тогтоожээ. Гэхдээ судлаачид энэхүү өсөлтийн тооцоонд тодорхой бус байдал их байгааг онцолж, үр дүнг болгоомжтой тайлбарлах шаардлагатайг анхааруулсан байна.

Судлаачдын үзэж буйгаар, сүүлийн жилүүдэд хавар, зуны улирал харьцангуй дулаан, хуурай байсан нь энэ өсөлтөд нөлөөлсөн байж болзошгүй аж. Дулаан цаг агаар нь нойрмогч оготны хоол тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ичээндээ байх хугацааг богиносгож, үржих болон өвлийн улиралд шаардлагатай өөх тосны нөөцөө бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлдэг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Их Британид нойрмогч оготны нэг зүйл болох самарт нойрмогч оготно (hazel dormouse) амьдардаг. Өмнө нь тус улсын олон бүс нутагт өргөн тархсан байсан уг амьтан өдгөө Английн өмнөд хэсэг болон Уэльсийн зарим нутагт голчлон үлджээ. Ой модны томоохон талбай устаж, амьдрах орчин нь хумигдсаны улмаас Английн 20 орчим мужид байгалийн популяци нь бүрмөсөн устсан байна.

Ховордсон амьтдыг хамгаалах чиглэлээр ажилладаг “People’s Trust for Endangered Species” (PTES) байгууллагын удирдан хэрэгжүүлдэг “National Dormouse Monitoring Programme” хөтөлбөр 1998 оноос Англи, Уэльсийн нойрмогч оготны тоо толгойд тогтмол мониторинг хийж иржээ.

Тус байгууллагын тайлангийн хамтран зохиогч Иан Уайт сүүлийн үеийн өсөлтийг “таатай мэдээ” хэмээн тодорхойлж, болгоомжтой өөдрөгөөр харах үндэслэл болж байгааг онцолсон байна.

Гэсэн хэдий ч тэрбээр “Бид ерөнхий дүр зургийг мартаж болохгүй. Нойрмогч оготны тоо толгой 2000 оныхоос бараг 60 хувиар бага хэвээр байна” хэмээн анхааруулжээ.

Байгаль хамгаалагчид энэхүү эерэг хандлагыг тогтвортой хадгалахын тулд нойрмогч оготны амьдрах орчин болсон ой мод, хашлага модон зурвас болон байгалийн ургамлан бүрхэвчийг хамгаалах нь нэн чухал гэж үзэж байна.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.