Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилсан уг үйл ажиллагаа нь Монгол Улсын Төрийн дууллаа нэгэн цагт хамтдаа эгшиглүүлж, эх орноороо бахархах үзэл, үндэсний ухамсар, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой ажээ. Зохион байгуулагчид иргэдийг 11:00 цагаас төв талбайд цуглахыг уриалсан байна.
Төрийн дуулал бол Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг
Монгол Улсын Төрийн дуулал нь зөвхөн ёслолын үед эгшиглүүлдэг аялгуу төдий бус, Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг төрийн бэлгэ тэмдэг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд төрийн сүлд, туг, далбаа, тамга, дууллыг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг гэж тодорхойлсон байдаг. Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд Төрийн дууллыг эгшиглүүлэх, хүндэтгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгажээ. Иймээс Төрийн дууллыг хамтдаа эгшиглүүлэх нь эх орон, үндэсний үнэт зүйл, тусгаар тогтнолын утга учрыг эргэн санах, иргэдийн хамтын оролцоог илэрхийлэх бэлгэдлийн ач холбогдолтой юм.
Төрийн дуулал хэзээ зохиогдож, батлагдсан бэ?
Үгийг: Цэндийн Дамдинсүрэн
Аяыг: Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж
Монгол Улсын өнөөгийн Төрийн дууллын эх суурь 1950 онд тавигджээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар зарлигаар 1950 оны дөрөвдүгээр сарын 26-нд шинэ сүлд дууллыг баталж, тавдугаар сарын 1-нээс орон даяар эгшиглүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төрийн дууллын үг түүхийн явцад хэд хэдэн удаа өөрчлөгдсөн бөгөөд 2006 оны долоодугаар сарын 6-нд баталсан хуулиар үг, аялгууг одоогийн хувилбараар хуульчилсан юм