Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөлийн дарга Наталья Кочанова, Төлөөлөгчдийн танхимын дарга Игорь Сергеенко нар бараалхлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Беларусийн нөхөрсөг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Харин Беларусь Улсын Үндэсний Хурлын хоёр танхимын дарга нар парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотоллоо.
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийг Р.Батболд, Беларусийн парламент дахь Беларусь-Монголын парламентын бүлгийг С.Ф.Алейник тэргүүлэн ажиллаж байна.
Беларусь Улсын Үндэсний Хурал нь Бүгд найрамдах зөвлөл буюу дээд танхим, Төлөөлөгчдийн танхим буюу доод танхимаас бүрддэг. Бүгд найрамдах зөвлөл 64 гишүүнтэй бол Төлөөлөгчдийн танхим 110 гишүүнтэй бөгөөд парламентын бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг.