Монгол Улсад 100 мянган хүн тутамд тархины харвалтын 200 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд өвчлөгсдийн дундаж нас 59 байгаа нь бусад орныхоос 10 насаар залуу үзүүлэлт болохыг мэргэжилтнүүд мэдээллээ. Энэ талаар Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг угтан аравдугаар сарын 28-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан байна.
Дэлхийн хэмжээнд жил бүр 12–13 сая хүн тархины харвалтаар өвчилж, таван сая орчим хүн нас бардаг бол 4.5 сая орчим хүн хөгжлийн бэрхшээлтэй үлддэг байна. Монгол Улсад харвалтын улмаас нас барж буй хүмүүсийн дийлэнхийг эрэгтэйчүүд эзэлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Монгол Улс тархины харвалтын нөхцөл байдлыг үндэсний хэмжээнд судалж байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр Архангай, Хөвсгөл аймагт өвчлөл улсын дунджаас өндөр байгааг тогтоожээ. Судалгаа бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд эцсийн үр дүнгээр бүс нутгийн өвчлөлийн түвшин, ялгааг нарийвчлан тодорхойлох юм.
Мөн Улаанбаатар хотын хүн амын дунд 2019–2021 онд хийсэн судалгаагаар хүйтний улиралд тархины харвалтын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдсан байна.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр тархины харвалтын тохиолдлын 80–90 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой. Иймд артерийн даралтаа тогтмол хянах, тамхинаас татгалзах, зохистой хооллох, хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлэх зэрэг эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөжээ.
Тархины харвалтын үед шинж тэмдгийг эрт таньж, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах нь амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Жил бүрийн аравдугаар сарын 29-нийг Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улсад 2009 оноос энэ чиглэлээр олон нийтэд мэдээлэл түгээж эхэлжээ.