Нүүр › Нийгэм › НИЙСЛЭЛЧҮҮД ЭНЭ ӨВӨЛ ДААРАХГҮЙ

НИЙСЛЭЛЧҮҮД ЭНЭ ӨВӨЛ ДААРАХГҮЙ

G
Админ
НИЙСЛЭЛЧҮҮД ЭНЭ ӨВӨЛ ДААРАХГҮЙ

176 мянган айлын өвлийн түлшний бэлтгэл, үйлдвэрлэл, түгээлт ямар шатанд явна вэ? Энэ асуултын хариуг хайж Налайхыг зорилоо.

Өвөл гэдэг уг нь будрах цас, шинэ жилийн гацуур, айл гэрийн дулаан уур амьсгал, сар шинийн баяраар төсөөлөгддөг улирал баймаар. Гэвч Улаанбаатарынхны хувьд өвөл хаяанд ирэхтэй зэрэгцэн баярын догдлолоос илүүтэй санаа зовнил эхэлдэг болжээ. Өглөө гэрээсээ гарахад халтиргаа, замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ, орой гэртээ харихад утаа, гал түлэхэд нүүрсний хүрэлцээ гээд бодох асуудал мундахгүй.

Бид ч энэ бүхэндээ бага багаар дасчихаж. Түгжирдэг л юм, утаатай л юм, түлшээ олж авах гэж бас л дугаарлах байх хэмээн урьдчилан бухимдаж сурчээ. Уг нь нийслэлд амьдарч байгаа хүн бүр өвлийн улирлыг айдас түгшүүрээр бус, дулаан гэртээ тухтай өнгөрүүлэхийг л хүснэ.

Гэвч агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэсэн том асуултын хажуугаар түүнээс дутахааргүй чухал нэг асуудал бий. Тэр нь гэр хорооллын 176 мянган айл өрх энэ өвөл гал алдахгүй өвөлжиж чадах уу гэдэг асуулт юм.

Энэ асуултын хариуг хайж, нэгэн цагт нийслэлийн гэр хорооллын дунд байрлан, орчин тойрноо хар тортогт дарагдуулж байна гэх шүүмжлэлд өртөж байсан Тавантолгой түлш компанийг зорилоо.

Энэ удаа бидний очих газар хотын төв ч биш, гэр хорооллын дундах үйлдвэр ч биш. Налайх дүүргийг өнгөрөөд Чойр явах замд "Тавантолгой түлш" ХХК-ийн хаяг угтана. Хаягийг даган баруун гар тийш эргэж, нэлээд удаан явсны эцэст гадаа нь автомашинууд эгнэн зогссон хашаанд хүрч ирэв.

Сурвалжилга хийхээр цаг тохирсон тухайгаа хамгаалалтын ажилтнуудад хэллээ. Улсын онцгой объектод нэвтрэх учраас машины ачааны тээш, арын болон урд суудал, бичиг баримт гээд шалгах ёстой бүхнийг нягтлан шалгасны дараа сая нэг дотогш нэвтрүүлэв.

Ийнхүү нийслэлчүүдийн өвлийн бэлтгэлийн нэгээхэн чухал хэсэгтэй танилцах сурвалжилга маань эхэллээ.

Нийслэлчүүд энэ өвөл гал алдахгүй, дулаахан өвөлжиж чадах уу?

Үйлдвэрийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд ороход албаны дарга Г.Даваабаатар угтан авлаа. Ямар асуудлаар, ямар зорилгоор ирснийг минь лавлаж байна.

Надад асуух зүйл олон байсангүй. Харин хариултыг нь заавал мэдэх ёстой ганц асуулт байлаа. Ердөө энэ асуултын хариуг мэдэхийн тулд холоос зорьж ирснээ тайлбарлав. Өмнөх долоо хоногт Тавантолгой түлш ХХК-ийн захирал С.Даваасүрэнтэй хотын төвд таарахдаа энэ талаар сурвалжилга бэлтгэх хүсэлтээ уламжилж, зөвшөөрөл авсан тухайгаа ч хэллээ. Харин тухайн өдөр Засгийн газрын хуралдаанд дуудагдсан тул захирал эзгүй байв. Ингээд Г.Даваабаатар даргатай ярилцаж, үйлдвэртэй танилцахаар болов.

Уг нь хотоос эрт гарсан юм. Гэвч нийслэлийн замын түгжрэл, нэгдүгээр эгнээг эзлэн урт дараалал үүсгэсэн шатахуун түгээх станцуудын оочир биднийг саатуулж, явсаар цайны цаг яг давхцав.

Хоолны зааланд нүүр нь хар тортогт дарагдсан ажилчид ширээ ширээгээрээ сууж байлаа. Заримынх нь нүүр, хувцаснаас үйлдвэрийн орчинд ямар нөхцөлд ажилладгийг нь анзаарахад хангалттай. Өнөөдрийн хоолны цэсэнд таван цулын цуйван, ногоотой будаатай шөл, хүрэн манжингийн салат, сүүлээр амталсан сүүтэй цай байв.

Хоолны дараа хордлого тайлах зориулалттай хоёр төрлийн ундаа ч өгдөг аж. Хоол, ундааны сонголтыг хараад дотроо сайшаан бодов. Гэхдээ үйлдвэртэй танилцахаар ирсэн сэтгүүлчийн хувьд хамгийн сонирхолтой зүйл хоолны зааланд биш, цаана нь байлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан хамгаалах хувцас, хэрэгслийг авчирч, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөв. Хар тортогтой орчинд ажиллана гэдгийг гадарлах тул хувцас хэрэглэлээ аль болох нямбай өмсөж, өөрийгөө сайтар хамгаалаад үйлдвэрийн байр руу хөдөллөө.

427 МЯНГАН ТОНН ТҮЛШИЙГ ЭНЭ ӨВӨЛ ХЭРЭГЛЭНЭ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг энэ өвөл түлшээр тасалдуулахгүй хангахын тулд нийт 427 мянган тонн түлш нийлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Үүний 120 мянган тонн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн угааж, баяжуулсан эрчим хүчний нүүрсээр дотооддоо үйлдвэрлэсэн шахмал түлш. Харин үлдсэн 307 мянган тонн нь импортын хагас кокжсон нүүрс юм.

Г.Даваабаатар дарга үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн шат дамжлагыг танилцуулах зуураа "427 мянган тонн гэдэг цаасан дээр бичсэн тоо төдий мэт харагдаж болох ч угтаа 176 мянган өрхийн өвлийн дулаантай шууд холбоотой тоо. Өвлийн хүйтэн ид тачигнах үед түлш тасарна гэдэг гэр хорооллын айлд ямар хүнд асуудал үүсгэдгийг бид мэднэ. Тиймээс үйлдвэрлэл, татан авалт, түгээлт, борлуулалт гээд энэ бүх үйл ажиллагаа нэгэн зэрэг хэвийн явах шаардлагатай" хэмээн ярилаа. 

Түлшний хэмжээ хангалттай байлаа ч хэрэглэгчдэдээ хүрч чадахгүй бол ямар хэрэг байх билээ. Тэгэхээр дараагийн асуулт маань түлш хаана, хэрхэн борлуулагдаж, айл өрхүүдэд яаж хүрч байгаа тухай байв.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах 446 цэг ажилладаг бөгөөд эдгээр цэгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сонгон шалгаруулдаг байна. Борлуулагч болохын тулд ачааны машин орох боломжтой талбайтай, түлш хадгалах амбаар, савтай, хяналтын камержуулалттай байх зэрэг шаардлагыг хангах ёстой ажээ.

Гэхдээ түлшний хүртээмж зөвхөн борлуулах цэгийн тооноос хамаарахгүй. Хэн, хэдий хэмжээний түлш авах вэ, нэг өрхийн хэрэгцээнд зориулсан түлш өөр хүнд очихоос хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуудал ч бий. Энэ тал дээр түлшний борлуулалтыг цахимжуулсан нь анхаарал татлаа.

"ХОТУЛА" апп-ийг гэр хорооллыг иргэдийн 80 хувь нь хэрэглэж байна

2019 оноос хойш хэрэглэж ирсэн “Сайн карт”-ын системд тодорхой хүндрэлүүд гардаг байжээ. Зарим өрх түлшээ авч чадахгүй үлдэх, бусад хүн өмнөөс нь авах, нэг өрх их хэмжээний түлш нөөцлөх, цааш нь дамлан худалдах зэрэг зөрчил гардаг байсан тухай Г.Даваабаатар дарга тайлбарлав.

Харин одоо “Хотула” аппликэйшнийг нэвтрүүлж, сайжруулсан түлш хэрэглэх шаардлагатай өрхүүдийг хүн амын мэдээллийн санд тулгуурлан бүртгэж, QR кодоор түлш авах боломж бүрдүүлжээ.

Ингэснээр түлшний олголтыг цахимаар бүртгэж, хэрэглээний зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зорьж байгаа аж.

Гэхдээ энд бас нэг бодит асуудал бий. Ухаалаг утасгүй, аппликэйшн ашиглаж мэдэхгүй иргэд яах вэ?

Технологийн шийдэл нэвтрүүллээ гээд бүх хүн түүнийг ижил түвшинд ашиглаж чадна гэсэн үг биш. Ялангуяа түлшээ өдөр тутмын хэрэгцээндээ зориулан авдаг өндөр настан, цахим хэрэглээний дадал багатай иргэдийг орхигдуулж болохгүй.

Тиймээс аппликэйшн ашиглах боломжгүй өрхүүдэд иргэний үнэмлэхний QR кодоор түлш авах нөхцөл бүрдүүлсэн байна. Борлуулагчид уг кодыг ашиглан тухайн өрхийн түлшийг олгох боломжтой аж.

Г.Даваабаатар даргын өгсөн мэдээллээр нийслэлийн 176 мянган өрхийн 80 хувь нь “Хотула” аппликэйшн ашиглаж байгаа бол үлдсэн 20 хувь нь иргэний үнэмлэхний QR кодоор түлшээ авч байна. Одоогоор энэ зохицуулалтын хүрээнд зөрчил, асуудал гарахгүй байгааг тэрбээр онцоллоо.

Энэ бол түлшний борлуулалтыг зөвхөн цахимжуулах бус, цахим хэрэглээний боломж харилцан адилгүй иргэдэд хүрэх гарцыг давхар тооцсон шийдэл юм.

СТАНДАРТ, ХЯНАЛТ БА ИРГЭДИЙН ИТГЭЛ

Сайжруулсан түлшний тухай яриа нийслэлчүүдийн дунд үргэлж анхаарал татдаг. Түлшний чанар, агаарын бохирдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө гээд олон асуудалтай холбогддог учраас тэр.

Г.Даваабаатар даргын тайлбарласнаар Монгол Улс 2022 болон 2025 онд хатуу түлшний стандартаа шинэчлэн баталжээ. БНХАУ-аас импортолж буй сайжруулсан түлш ч мөн холбогдох стандартын дагуу нийлүүлэгддэг бөгөөд хилээр нэвтрэх явцад олон байгууллага хяналт, шалгалт хийдэг байна.

Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцсоор бид үйлдвэрийн хашааг бүтэн тойроод буцаад оффисын зүг алхав.

Энэ үеэр яриа өөр нэг сэдэв рүү шилжлээ. Тэр нь Тавантолгой түлш компанийн талаарх олон нийтийн ойлголт, хэвлэл мэдээллийн шүүмжлэл байв.

ХАР ТОРТОГНЫ ЦААНА ХҮН БИЙ...

Тавантолгой түлш бол нийслэлчүүдийн амьдралд шууд хамаатай, тиймээс ч олон нийтийн анхаарал, шүүмжлэлээс хол байдаггүй байгууллага. Түлшний нийлүүлэлт, чанар, үнэ, түгээлтийн асуудлаар иргэд байр сууриа илэрхийлэх нь ч зүйн хэрэг.

Гэхдээ зарим мэдээллийн цаана олон нийтэд тэр бүр харагддаггүй өөр нэг тал байдгийг Г.Даваабаатар дарга яриандаа онцоллоо.

Тэрбээр саяхан нэгэн сайтад гарсан, компанийн захирал С.Даваасүрэн 67 сая төгрөгөөр шампунь худалдан авах тендер зарласан гэх мэдээллийг жишээ болгон дурдав.

“Манай ажилчдыг ямар хүнд нөхцөлд ажиллаж байгааг чи сая харсан биз дээ. Бид хэсэгхэн ороод гарахад л хар тортогт дарагдаж байна. Тэгвэл энд 24 цагаар ажилладаг хүмүүс ямар байх нь ойлгомжтой. Хотоос ажилдаа ирдэг хүмүүс ч бий. Ажлаасаа гараад хар тортогтойгоо автобусанд суух уу. Гэртээ очоод усанд орох боломжгүй хүмүүс ч байдаг. Тэр хүмүүс хар тортогтойгоо байсаар байх уу. Тендерийг ажилчдаа усанд орох нөхцөлөөр хангах гэж зарлаж байгаа болохоос захирал хувьдаа авах гэж байгаа юм биш” хэмээн тайлбарлав.

Түүний энэ яриаг сонсох зуур өдрийн хоолны зааланд таарсан ажилчдын дүр зураг санаанд буулаа. Хөө тортогт дарагдсан нүүртэй, энгийн л нэг ажлын өдрөө өнгөрүүлж буй залуус.

Бид үйлдвэрийн орчинд хэдхэн цаг байхдаа хувцас, биеэ хамгаалах шаардлага ямар чухлыг мэдэрсэн. Харин тэнд өдөр бүр, зарим нь 24 цагаар ажилладаг хүмүүсийн тухай бодоход ажлын байрны эрүүл ахуй, ажилчдын усанд орох нөхцөл бол үл тоомсорлож болохгүй асуудал мөн.

Мэдээж, төрийн болон нийтийн хөрөнгөөр худалдан авалт хийхэд ил тод байдал, үндэслэл, зарцуулалтын хяналт зайлшгүй хэрэгтэй. Тендертэй холбоотой мэдээллийг ч баримтад тулгуурлан нягтлах учиртай. Гэхдээ аливаа мэдээллийг зөвхөн гарчигт нь тулгуурлан дүгнэхээс өмнө цаана нь ямар хэрэгцээ, ямар нөхцөл байдал байгааг мэдэх нь бас чухал юм. Учир нь байгууллагын тухай ярихад зөвхөн дарга, төсөв, тендерийг бус, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг ч хамтад нь харах ёстой.

Эцэст нь иргэдэд анхааруулах нэг зүйл бий. Сайжруулсан түлш их хэмжээгээр зарна, гэрт хүргэж өгнө гэх зар ашиглан цахим залилан үйлдсэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

Тиймээс түлш худалдан авахдаа баталгаагүй зар, танихгүй этгээдийн саналд болгоомжтой хандаж, урьдчилгаа мөнгө шилжүүлэхээсээ өмнө мэдээллээ сайтар нягтлах хэрэгтэйг тус компанийн зүгээс онцлон сэрэмжлүүлснийг дурдаад энэ удаагийн сурвалжилгаа өндөрлөе. 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.