Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, шинэ удирдлагуудыг томилох шийдвэр гарлаа. Энэ нь Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал болохоос хэдхэн хоногийн өмнө болж буйгаараа анхаарал татаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны ээлжит бус III хуралдаан арваннэгдүгээр сарын 2-нд болж, дүүргийн удирдлагын асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар ИТХ-ын дарга Б.Золбоо өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд төлөөлөгч Д.Идэрзаяаг сонгосон байна.
Мөн дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийг чөлөөлж, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар Д.Ундармааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилсон байна. Харин Ц.Баттөрийг төсөл, хөтөлбөр хариуцсан удирдагчаар шилжүүлэн ажиллуулахаар болжээ.
Харин Чингэлтэй дүүргийн ИТХ мөн өдөр хуралдаж, Засаг дарга Н.Мандуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Түүний оронд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг дүүргийн Засаг даргаар томилохыг дэмжжээ. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва уг шийдвэрийг батламжилснаар З.Төмөртөмөөгийн томилгоо албажих юм.
Нийслэлийн МАН-ын даргын асуудал энэ сарын 7-нд яригдана
Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал энэ сарын 7-ны өдөр хуралдахаар товлогдсон. Тус хурлаар одоогийн дарга Х.Нямбаатарын ажлын тайланг хэлэлцэж, намын хорооны дараагийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм.