Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчдын ээлжит уулзалт Нью Йорк хотноо 2026 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд болж байна. Уг уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн оролцож байна.
Уг уулзалтын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Суурин зохицуулагчид болон гишүүн орнуудын төлөөлөгчдийн хэлэлцүүлэг болж, улс орны түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг урагшлуулан дэмжихийн тулд суурин зохицуулагчдын үүрэг оролцоог НҮБ-ын Удирдлагын багийн чадавхид тулгуурлан хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Эл хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг ахиулахад НҮБ-ын Суурин зохицуулагч болон Удирдлагын багийн үзүүлж буй дэмжлэг туслалцаанд талархал илэрхийлсний зэрэгцээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад НҮБ-ын зүгээс оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэв.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн одоогийн бүтцийг хэвээр хадгалж, тогтвортой бөгөөд хангалттай санхүүжилтээр хангах нь манай улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.