Дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг болох NVIDIA компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуан гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрчээ. Үүнтэй зэрэгцэн тус компани түүнийг гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон гэх мэдээлэлтэй холбогдуулан хараат бус шалгалт эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Эдгээр мэдэгдэл нь Сингапурт төвтэй технологийн Megaspeed компанийн удирдах албан тушаалтан Алис Хуантай Женсен Хуан ойр дотно харилцаатай байсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж буй үед гарчээ. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Америкийн албаныхан Алис Хуанг БНХАУ-д тагнуулын мэдээлэл дамжуулж, дэвшилтэт хиймэл оюун ухааны чипүүдийг тус улсад хууль бусаар нэвтрүүлэхэд оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр Женсен Хуантай ямар нэгэн төрөл садны холбоогүй юм.
Женсен Хуан NVIDIA компанийн ажилтнуудад илгээсэн мэдэгдэлдээ гэр бүлдээ үнэнч бус хандаж, эхнэр болон хүүхдүүдээ гомдоосон үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ гэр бүлээс гадуурх харилцаатай байсан хүнийхээ нэрийг дурдаагүй байна.
Тэрбээр “Би хийсэн үйлдэл болон учруулсан хохиролдоо бүрэн хариуцлага хүлээнэ. Үүний улмаас ирэх шүүмжлэлийг ч хүлээн зөвшөөрч байна. Мөн NVIDIA компанийг хамгаалах, АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг дэмжихийн төлөө ажиллана” гэжээ.
Харин NVIDIA компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд хараат бус захирлууд болон хөндлөнгийн хуульчдаас бүрдсэн хороо уг асуудлыг шалгах ажлыг удирдан зохион байгуулахаар болсон байна.
Тус зөвлөлөөс “АНУ-ын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал нь NVIDIA болон хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлоос дээгүүр тавигдах тэргүүлэх асуудал юм. Гэхдээ одоогоор үндэсний аюулгүй байдал болон компанийн нууц мэдээлэл алдагдсан гэж үзэх үндэслэл бидэнд байхгүй” гэж мэдэгджээ.
Хөрөнгө оруулалтын Yorkville & Ives Co. компанийн түнш, ахлах захирал Дэн Айвс энэ үйл явдлыг Женсен Хуаны хувьд нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөх томоохон асуудал хэмээн тодорхойлсон байна. Түүний үзэж буйгаар, уг шалгалт нь БНХАУ-д чип нийлүүлэх асуудалд тавих хяналтыг улам нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын дунд компанийн хувьцааны ханш болон Женсен Хуан цаашид гүйцэтгэх захирлаар ажиллах эсэх талаарх эргэлзээг бий болгож болзошгүй аж.
Гэсэн хэдий ч NVIDIA компанийн хэвлэлийн төлөөлөгч Женсен Хуан гүйцэтгэх захирлын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших бөгөөд энэ үйл явдал компанийн үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж мэдэгджээ.
Технологийн сэтгүүлч, CNN-ийн тоймч Жейкоб Уорд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлүүд гэр бүлээс гадуурх харилцаанд холбогдсон гүйцэтгэх захирлуудыг ажлаас нь чөлөөлөх тохиолдол байдаг талаар дурдсан байна. Түүнчлэн NVIDIA компанийн хувьд Женсен Хуаныг орлох тодорхой залгамжлагч байхгүй байгаа нь асуудлыг улам төвөгтэй болгож болзошгүйг онцолжээ.
Женсен Хуан болон Сингапурын Megaspeed компанийн удирдлагын хоорондын харилцаа АНУ-ын дэвшилтэт хагас дамжуулагчийн технологийг экспортын хязгаарлалтыг тойрон БНХАУ-д хүргэх боломжит суваг байсан эсэх талаарх анхаарлыг татаж байна.
Megaspeed компани NVIDIA-гаас чип худалдан авдаг бөгөөд АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуан, Алис Хуан нарыг романтик харилцаатай байсан гэж үзэж буй талаар Financial Times өмнө нь мэдээлж байжээ.
Харин NVIDIA компани өмнөх мэдэгдэлдээ Женсен Хуаны үйлчлүүлэгчидтэй хийдэг уулзалтууд нь компанийн гүйцэтгэх захирлын ажлын хэвийн нэг хэсэг болохыг тайлбарлаж байсан юм. Тус компани “Женсен жил бүр олон мянган харилцагч байгууллагын удирдлагатай уулздаг” хэмээн онцолжээ. Мөн чипийг хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй талаарх өмнөх болгоомжлолууд няцаагдсан гэж мэдэгдсэн байна.
Женсен Хуан эхнэр Лори Хуантайгаа их сургуульд байхдаа танилцжээ. Тэр үед Женсен 17, Лори 19 настай байсан бөгөөд 1985 онд гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон байна.
Тэрбээр 1993 онд NVIDIA компанийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд хиймэл оюун ухааны салбарын хурдацтай өсөлт, тооцоолох хүчин чадалтай чипийн эрэлт нэмэгдсэнээр компанийн зах зээлийн үнэлгээ дөрвөн их наяд ам.доллароос давжээ.
Өдгөө Женсен Хуан нь хиймэл оюун ухааны салбарын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг бөгөөд АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөний гол оролцогчдын нэгт тооцогддог. Тэрбээр энэ оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад томоохон компанийн удирдлагуудын хамт Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан юм.
Ийнхүү NVIDIA компанийн удирдлагатай холбоотой хувийн харилцааны асуудал, гадаадын тагнуулын ажиллагааны талаарх сэжиглэл зэрэг нь дэлхийн технологийн салбарын тэргүүлэх компанийн засаглал, үндэсний аюулгүй байдал болон АНУ-БНХАУ-ын технологийн өрсөлдөөний асуудлыг дахин хөндөж байна.