Оюутолгой төслийн ногдол ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувийн дансанд нь шилжүүлэх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай иргэдийн өргөдлийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны 14:00 цагаас Улсын Их Хурлын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.
Уг өргөдөл нь Оюутолгой төслөөс хүртэх ашгийг иргэдэд шууд мөнгөн хэлбэрээр хуваарилах асуудлыг хөндсөн бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн иргэдийн саналын дагуу УИХ-ын түвшинд хэлэлцэхээр болсон юм.
100 мянга гаруй иргэн өргөдлийг дэмжжээ
Иргэн Х.Оюунбилэг аравдугаар сарын 23-нд нийтийн өргөдлийн цахим системд Оюутолгойн гурван их наяд төгрөгийн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөг олгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдөл гаргажээ.
Уг өргөдөл богино хугацаанд 100 мянга гаруй иргэний дэмжлэг авсан бөгөөд арваннэгдүгээр сарын 2-ны байдлаар 100,094 иргэн гарын үсэг зурсан байна.
Ийнхүү шаардлагатай дэмжлэгийн босгыг давсан тул УИХ-ын дарга арваннэгдүгээр сарын 5-нд холбогдох байнгын хороодод шилжүүлсэн юм.
Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ
Засгийн газар 2027 онд Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс хоёр их наяд төгрөгийг эрчим хүч, боловсролын салбарт зарцуулж, нэг их наяд төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр төсөвт тусгасан талаар мэдээлсэн байна.
Харин иргэдийн зүгээс байгалийн баялгийн өгөөжийг хүн амд шууд хүртээх, ногдол ашгийн тодорхой хэсгийг иргэн бүрд мөнгөн хэлбэрээр олгох санал гаргаж байгаа юм.
Иргэдэд мөнгө олгох эцсийн шийдвэр хараахан гараагүй
Маргаашийн хамтарсан хуралдаанаар иргэдийн өргөдлийг хэлэлцэх бөгөөд энэ нь иргэн бүрийн дансанд 857,000 төгрөг шилжүүлэх шийдвэр гарсан гэсэн үг биш юм.
Тодруулбал, уг асуудлаар хуулийн төсөл санаачлах боломж, эрх зүйн зохицуулалт болон цаашид хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх юм. Одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар ногдол ашгийг иргэдэд шууд бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилах боломжгүй тул холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа аж.
Иймээс маргаашийн хуралдаанаас гарах шийдвэр нь Оюутолгойн баялгийн өгөөжийг иргэдэд хэрхэн хүртээх асуудлыг цаашид хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.