Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон эмэгтэйн явсан маршрутыг цагдаагийн байгууллага хяналтын камерын бичлэгт үзлэг хийж тогтоосон байна.
БЗД-ийн Цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр, иргэн А 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явсан бөгөөд ар гэрийнхэн нь маргааш буюу аравдугаар сарын 30-ны өдрийн 15:40 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.
Уг мэдээллийн дагуу иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжлүүлж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний явсан зам дагуух Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 269 хяналтын камерт үзлэг, шалгалт хийжээ. Ингэснээр иргэн А 26 дугаар хорооноос гарч, нийт 2.6 км орчим явган зорчсон болохыг тогтоосон байна.
Камерын бичлэгээр хамгийн сүүлд Дүнжингаравын замын урд байрлах Чухаг хотхоноос гарч, Шинэ зуун айл чиглэлд явсан нь бүртгэгджээ. Харин хамгийн сүүлийн камерын бичлэг тухайн иргэнийг 500 метрийн зайнаас дүрсэлсэн бөгөөд түүнээс цааш аж ахуйн нэгж, айл өрх болон хяналтын камергүй задгай талбай үргэлжилдэг байна.
Мөн тухайн бүсэд хамгийн сүүлд бичлэгт үлдсэн цаг хугацаанаас хойш зорчсон байж болзошгүй 216 тээврийн хэрэгслийг тогтоож, жолооч нараас гэрчийн мэдүүлэг авч байгаа аж. Зарим тээврийн хэрэгсэл орон нутаг руу явсан, зарим жолоочтой холбоо тогтоох боломжгүй байгаа талаар мэдээллээ.
Эрэн хайх ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл таван удаагийн самналт зохион байгуулж, нийт 1150 алба хаагчийг оролцуулжээ. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Туул гол хүртэл болон Улиастайн гүүр хүртэлх чиглэлд самналт хийж байна. Өнөөдрийн самналтад 500 алба хаагч оролцож байгаа бөгөөд дрон, эрэлч нохой ашиглан ажиллаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг өдөр, шөнөгүй ажиллаж байгаа бөгөөд тухайн бүсээр зорчсон тээврийн хэрэгслийн жолооч нараас гэрчийн мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдолтой мэдээллийг шалгаж байгааг онцоллоо.
Иймд 2026 оны аравдугаар сарын 30-ны 00:00 цагаас хойш Шинэ зуун айл төв орчмын замаар зорчсон иргэдийг цагдаагийн байгууллагад хандаж, гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсэв. Мөн эрэн хайх ажиллагаанд ач холбогдолтой мэдээлэл өгсөн иргэдийн мэдээллийг холбогдох журмын дагуу үнэлж авах юм байна.