Засгийн газрын хуралдаанаар хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, аудитын байгууллагаас ирүүлсэн албан шаардлагын дагуу салбарын сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тухайн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгасан байна.
Мөн хууль хяналтын байгууллага болон Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Түүнчлэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчмын зэрлэг амьтдад өвс, тэжээл хүргэхэд шаардлагатай 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
2018, 2022 онд хийсэн судалгаагаар тус бүс нутагт 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Иймд өвлийн улиралд зэрлэг амьтдын идэш тэжээлийн хангамжийг дэмжих зорилгоор өвс тэжээл бэлтгэж, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.